Friday, March 25, 2011

Муушиг - Бүтэц

Муушиг бол мэдээж тоглоом. Аливаа тоглоом нь дараах механизмууд дээр суурилагдсан байдаг:

- Санамсаргүй байдал өөрөөр хэлбэл аз
- Олон төрлийн нүүдэл тэдгээрийн комбинац
- Дутуу мэдээлэл буюу харанхуй байдал

Зарим тоглоомууд цэвэр эдгээр гурван механизм дээр сууриласан байдаг бол нь зарим нь аль алиныг нь хослуулсан байдаг.

Жишээ нь санамсаргүй байдал буюу цэвэр азан дээр суурилсан тоглоом гэвэл бидний сайн мэдэх шоо хаях, рулет гэх мэт. Ийм тоглоомууд дээр мэдээж ямар ч хожих математик систем хэрэглэх боломжгүй. Казинод рулет тогловол тоглогч удаан хугацаанд заавал алдаж таарна. Ямар ч систем, тактик хэрэглээд нэмэргүй билээ.

Олон төрлийн нүүдэл, тэдгээрийн комбинац дээр цэвэр суурилсан тоглоом гэвэл шатар, даам байна. Эдгээр тоглоомд азны нөлөөлөх хувь гэх юм бараг байхгүй бөгөөд цэвэр ур чадвар, мэдлэг туршлага дээр үндэслэж тоглоно.

Дутуу мэдээлэл буюу харанхуй байдалд тоглох тоглоом гэвэл сонгодог жишээ нь хуруудах байна. 2 хүн хуруудаж байхад нэг нь нөгөөгийнхөө ямар хуруу гаргахыг мэдэх боломжгүй юм.

Эдгээр гурван механизмыг аль алиныг хослуулсан тоглоом гэвэл жишээ нь покер байна. Мөн муушиг ч орно. Ер нь аливаа хөзөр, далууны төрлийн тоглоомд холих, таслах үйлдлүүд явагдаж буй учир их бага хэмжээгээр санамсаргүй байдал буюу аз үргэлж байдаг. Учиргүй луйвардаад байхгүй л бол. Покерт жишээ нь олон төрлийн нүүдэл тэдгээрийн комбинац хийх механизм нь тоглогч нарын бооцоо тавих (bet, call, raise, fold зэрэг), тэдгээрийг хэрхэн үр ашигтай хослуулах үйлдлүүдийг орлоно. Гэхдээ энэ нь мэдээж шатар шиг ярвигтай байхгүй нь мэдээж. Дутуу мэдээлэл буюу харанхуй байдал нь покерийг хамгийн гоё, энгийн мөртлөө хамгийн хэцүү болгодог элемент юм.

Муушигт дээрх гурван механизм гурвуулаа орсон байгаа. Гэхдээ азны элемент покерыг бодвол илүү байж магадгүй гэж би айгаад байдаг юм. Миний гол зорилго бол энэхүү азны элементийг ялж чадах систем олох юм. Покерт дутуу мэдээлэл нь тоглогч нарт блафдах боломжийг олгодог бөгөөд эндээс сэтгэл зүйтэй холбоотой, бусдыг унших мэдрэмж зэрэг ур чадварууд буй болдог. Харин муушигт дутуу мэдээлэл нь покерт гардаг шиг тийм нөхцөлийг бий болгохгүй нь мэдээж. Гэхдээ огт байхгүй гэсэн үг биш юм.

Аливаа тоглоомын дээрх гурван механизм эсвэл мөн чанараас хамаараад муушигт дараах шатлалаар тоглогч үйлдэл хийнэ:
  1. Аз болон дутуу мэдээлэлтэй нөхцөлөөс үүдэн шийдвэр гаргах. Тоглох, тоглохгүй гэсэн. Эхлээд тоглож байхад энэ шийдвэр нь хүмүүст их энгийн юм шиг харагдах боловч тоглоомыг ярвигтай болгож буй нэг хэсэг нь энэ юм. Эндээс олонхи тохиолдолд зөв шийдвэр гаргаж чадвал хожилд хүргэх нэг боломж юм.
  2. Нэгэнт тоглох шийдвэр гаргасан бол дутуу мэдээлэлтэй нөхцөл дээр үндэслэн нүүдэл хийх шийдвэр гарна. Муушигт мэдээж аман хүзүүний байрлал үргэлж нүүдэл түрүүлж хийх нь ойлгомжтой. Нүүдэл хийх боломж нь бас хожилд хүргэх эсвэл хожигдолд хүргэх нэг том фактор юм.
  3. Эдгээрээс гадна тоглолтонд хандах хандлага буюу стратеги гэж юм гарна. Аливаа хөзөрийн тоглолтын хандлага, тоглох стратеги нь бооцоо хэрхэн тавьж буй бүтцээс их хамаардаг. Манайд муушгийг ихэвчлэн хоёр янзаар тоглож байгаа. Нэгт нь оноогоор үнэлэх систем, хоёр дахь нь бооцоо булах ба идсэнээр бооцоогоо авдаг. Энэ хоёрын бооцооны систем нь тоглолтонд хандах чиг хандлага, стратегийг эрс өөрчлөж байгаа юм. Покерт ч мөн адилхан. No limit texas hold ‘em болон Limit texas hold em хоёр нь ижилхэн тоглоом боловч бооцооны системээсээ хамаараад бараг шал өөр тоглоом мэт болдог. Тоглох хандлага, тактикууд нь шал өөр болж эхэлдэг.
Дээрх гурван үйлдлийн эхний хоёр үйлдэл нь тоглоомны үр дүнд микро байдлаар нөлөөлөх ба сүүлчийн үйлдэл нь макро түвшинд нөлөөлнө. Миний хувьд покер, муушиг тоглохоос өмнө Age of Empires, Dota зэрэг тоглоомуудыг өдөр шөнөгүй тоглодог байлаа. Эдгээр тоглоомуудад ялалтанд хүргэх хоёр хүчин зүйл байдаг байсан бөгөөд тэдгээрийг англиар micro-management & macro-management гэдэг байлаа. Яг үүнтэй адил дээрх хоёр түвшинд зөв шийдэлүүд гаргаж чадвал муушигт хожих боломж гарч ирж болох юм.

За ямар ч байсан муушигаа ингэж нэг задалж өглөө. Эхний ээлжинд би тоглох тоглохгүй гэсэн шийдвэр гаргах дээр анхаарлаа хандуулах болно. Дараагийн удаа энэ талаар бичиж эхлэх болно.

No comments:

Post a Comment