Интернетээр муушигны талаар олигтой бичигдсэн юм байдаггүй юм билээ. Тэгээд өөрийн олж цуглуулсан зүйлсээс бичлээ.
Муушиг нь гэр барих хөзрийн тоглоомын* нэг хувилбар юм. Муушигийг Монгол хувилбар буюу Монгол тоглоом гэж хэлж болох байхаа. Миний олж уншснаар муушиг нь аль 17-р зууны үед Англид үүссэн Lanterloo бас Loo ч гэдэг тоглоомноос улбаатай байж болзошгүй юм. Lanterloo нь улмаар Францад дэлгэрж Mouche гэдэг нэртэй болж дагаад дүрэм нь ч гэсэн бас хувьсаж өөрчлөгдсөн байна. Mouche нь Францаас Оросод 18-р зуун гэхэд орж иржээ. Нэр нь Мушка болсон байна. Дүрэм нь ч өөрчлөгдөөд зогсохгүй 4-5 хувилбарууд бий болсон байна. Оросууд Мушкаг коммунист хувьсгал болох хүртэл түгээмэл тоглодог байсан бөгөөд хувьсгалаас хойш аажим мартагдаж ирсэн юм шиг байгаан. Эндээс л Мушка явж явж Муушиг болон Монголд орж ирсэн болов уу гэж би таамаглаад байгаа юм. Өөр ч угшилтай байж болох юм. Нарийн судалж байж л тогтоогдох байлгүй дээ. Миний л сонссоноор манай өвөө эмээ нар 60-аад онд лав тоглож байсан юм билээ.
Хэрэв үнэхээр дээрх шиг орж ирсэн бол тоглоомын дүрэм нь газраас газарт дамжиж орж ирэхдээ хэрхэн өөрчлөгдсөн нь их сонирхолтой юм билээ.
Lanterloo буюу Loo нь бас майхан (гэр ч гэдэг) барьдаг хөзрийн тоглоом юм. Ерөнхийдээ 52 хөзрөөр 3-8 хүн тоглох боломжтой. Тоглогчид нь бооцоо булах ба гэр барихын төлөө тоглоно. Манай муушигтай адил тоглолт болгонд тоглогч нар өнжих, тоглох, мөн хөзөр солих бололцоотой. Ажлаа нар зөв тойрч шилжүүлнэ. Тоглогчид хэрэв тоглолтонд оролцвол 5 ширхэг хясаа булах ба тоглогч бүрд 5 хөзөр тараагдана. Хөзөр тараагдсаны дараа нэг хөзрийг дэлгэж энэ нь манайхаар ХӨЗӨР (англиар Trump suit) болно. Тоглогч бүрийн зорилго нь дор хаяж нэг идэх буюу гэр барих бөгөөд хэрэв чадахгүй тохиолдолд мөн манай муушигтай адил 5 ширхэг хясаа нэмж хийдэг байна. Хөзрийн дараалал нь адилхан бөгөөд Тамгаас доошоо дадар хүртэл явна. Цэцгийн боол нь хамгийн том толгой бөгөөд Хөзрийн тамгыг ч иднэ. Энүүгээрээ манай муушигаас ялгаатай юм билээ. Манайханы зарим нь муушиг тоглохдоо гарт нь 4 тамга ирвэл шууд хожино гэсэн дүрэм гадуур хааяа явж байдаг шиг энд Lanterloo-д тоглогч гартаа таван ижил өнгийн хөзөр өөрөөр хэлбэл флаштай бол шууд хождог юм билээ. Таван ижил өнгө эсвэл дөрвөн ижил өнгө болон цэцгийн боолтой бол флашд тооцно. Нэгээс дээш хүнд флаш байвал том флаш нь шууд хожих ба цэцгийн боолтой флаш хамгийн томд тооцогдоно. Гилийн тамга, ноён, хатан, боол, цэцгийн боолтой флашийг нь Mouche гэнэ.
Mouche нь бас их сонирхолтой тоглоом юм билээ. 3-7 хүн тоглоно. 3 хүн тоглож буй үед 32 хөзөр, 4 бол 36, түүнээс дээш бол 52 хөзрөөр тоглодог. Мөн тоглогч өнжих, тоглох эрхтэй. Тоглогч бүрт 5 хөзөр тараагдана. Үүний дараа газарт ХӨЗӨР дэлгэгдэнэ. Гилийн тамга нь хамгийн том толгой бөгөөд Хөзрийн тамгыг дийлнэ. Гилийн тамгыг нь Mouche гэж нэрлэдэг ба тоглоомын нэр үүнээсээ улбаалсан байх. Mouche нь Францаар ялаа гэсэн үг юм билээ. Бодоод байсан Гилийн дүрс нь сууж буй ялаа шиг хэлбэртэй санагдсан. Lanterloo-д хясаагаар бооцоо тавьдаг бол Mouche-д тоглогч бүр 30 эсвэл 25 оноотой эхлэх бөгөөд манай муушиг шиг оноогоо хасч явдаг байна. Идсэн идээгээрээ оноо хасахаас гадна тоглолт бүрт тухайн тоглолтонд орсон тоглогч нар нэмж бооцоо тавьдаг. Бооцоогоо тавьсаны дараа тоглогч бүр нар зөв дараалан хэдэн майхан барьж чадахаа зарлах бөгөөд зарласан майхнаа барьж чадсан нь тухайн тоглолтонд булсан булаагаа авдаг. (Энэ хэсэг нь надад их сонирхолтой санагдаад байгаан. Иймэрхүү элементийг нь муушиганд оруулж өгвөл зүгээр ч юм шиг. Сонирхолтой л байх болов уу.) Муушиг шиг оноогоо түрүүлж тэглсэн нь хожино. Гэхдээ заавал тэглэж гарах бөгөөд илүү гарвал дахин оноогоо 30 эсвэл 25-аас эхэлдэг байна. Манайханд ч гэсэн хүүхдүүд хааяа ингэж тоглодог байхаа.
Орос Мушканы хувьд дээрх Mouche-тэй үндсэндээ адилхан бөгөөд бага зэрэг дүрмийн өөрчлөлт болон бооцоо тавилтын бүтэц нь өөр өөр 4-5 хувилбар байдаг юм байна.
Ингэж явж байгаад л дээрхийн аль нэг хувилбарыг нь нэг тоглоомчин орос нь монголд ирээд л зааж өгсөн эсвэл хэдэн тоглоомчин цустай, далуунд нугасгүй монголчууд оросод сурж байхдаа сураад ирж тараасан болов уу. Ямар ч байсан муушиг нь мушкагаас нилээд хувьсаж өөрчлөгдөж Монголд нутагшиж Монгол тоглоом болсон байлгүй дээ.
* - Trick taking games гэдгийг нь гэр (майхан) баридаг тоглоом гэж орчууллаа. Өөрөөр толгойд юм одсонгүй.
No comments:
Post a Comment