Friday, March 25, 2011

Муушиг - Бүтэц

Муушиг бол мэдээж тоглоом. Аливаа тоглоом нь дараах механизмууд дээр суурилагдсан байдаг:

- Санамсаргүй байдал өөрөөр хэлбэл аз
- Олон төрлийн нүүдэл тэдгээрийн комбинац
- Дутуу мэдээлэл буюу харанхуй байдал

Зарим тоглоомууд цэвэр эдгээр гурван механизм дээр сууриласан байдаг бол нь зарим нь аль алиныг нь хослуулсан байдаг.

Жишээ нь санамсаргүй байдал буюу цэвэр азан дээр суурилсан тоглоом гэвэл бидний сайн мэдэх шоо хаях, рулет гэх мэт. Ийм тоглоомууд дээр мэдээж ямар ч хожих математик систем хэрэглэх боломжгүй. Казинод рулет тогловол тоглогч удаан хугацаанд заавал алдаж таарна. Ямар ч систем, тактик хэрэглээд нэмэргүй билээ.

Олон төрлийн нүүдэл, тэдгээрийн комбинац дээр цэвэр суурилсан тоглоом гэвэл шатар, даам байна. Эдгээр тоглоомд азны нөлөөлөх хувь гэх юм бараг байхгүй бөгөөд цэвэр ур чадвар, мэдлэг туршлага дээр үндэслэж тоглоно.

Дутуу мэдээлэл буюу харанхуй байдалд тоглох тоглоом гэвэл сонгодог жишээ нь хуруудах байна. 2 хүн хуруудаж байхад нэг нь нөгөөгийнхөө ямар хуруу гаргахыг мэдэх боломжгүй юм.

Эдгээр гурван механизмыг аль алиныг хослуулсан тоглоом гэвэл жишээ нь покер байна. Мөн муушиг ч орно. Ер нь аливаа хөзөр, далууны төрлийн тоглоомд холих, таслах үйлдлүүд явагдаж буй учир их бага хэмжээгээр санамсаргүй байдал буюу аз үргэлж байдаг. Учиргүй луйвардаад байхгүй л бол. Покерт жишээ нь олон төрлийн нүүдэл тэдгээрийн комбинац хийх механизм нь тоглогч нарын бооцоо тавих (bet, call, raise, fold зэрэг), тэдгээрийг хэрхэн үр ашигтай хослуулах үйлдлүүдийг орлоно. Гэхдээ энэ нь мэдээж шатар шиг ярвигтай байхгүй нь мэдээж. Дутуу мэдээлэл буюу харанхуй байдал нь покерийг хамгийн гоё, энгийн мөртлөө хамгийн хэцүү болгодог элемент юм.

Муушигт дээрх гурван механизм гурвуулаа орсон байгаа. Гэхдээ азны элемент покерыг бодвол илүү байж магадгүй гэж би айгаад байдаг юм. Миний гол зорилго бол энэхүү азны элементийг ялж чадах систем олох юм. Покерт дутуу мэдээлэл нь тоглогч нарт блафдах боломжийг олгодог бөгөөд эндээс сэтгэл зүйтэй холбоотой, бусдыг унших мэдрэмж зэрэг ур чадварууд буй болдог. Харин муушигт дутуу мэдээлэл нь покерт гардаг шиг тийм нөхцөлийг бий болгохгүй нь мэдээж. Гэхдээ огт байхгүй гэсэн үг биш юм.

Аливаа тоглоомын дээрх гурван механизм эсвэл мөн чанараас хамаараад муушигт дараах шатлалаар тоглогч үйлдэл хийнэ:
  1. Аз болон дутуу мэдээлэлтэй нөхцөлөөс үүдэн шийдвэр гаргах. Тоглох, тоглохгүй гэсэн. Эхлээд тоглож байхад энэ шийдвэр нь хүмүүст их энгийн юм шиг харагдах боловч тоглоомыг ярвигтай болгож буй нэг хэсэг нь энэ юм. Эндээс олонхи тохиолдолд зөв шийдвэр гаргаж чадвал хожилд хүргэх нэг боломж юм.
  2. Нэгэнт тоглох шийдвэр гаргасан бол дутуу мэдээлэлтэй нөхцөл дээр үндэслэн нүүдэл хийх шийдвэр гарна. Муушигт мэдээж аман хүзүүний байрлал үргэлж нүүдэл түрүүлж хийх нь ойлгомжтой. Нүүдэл хийх боломж нь бас хожилд хүргэх эсвэл хожигдолд хүргэх нэг том фактор юм.
  3. Эдгээрээс гадна тоглолтонд хандах хандлага буюу стратеги гэж юм гарна. Аливаа хөзөрийн тоглолтын хандлага, тоглох стратеги нь бооцоо хэрхэн тавьж буй бүтцээс их хамаардаг. Манайд муушгийг ихэвчлэн хоёр янзаар тоглож байгаа. Нэгт нь оноогоор үнэлэх систем, хоёр дахь нь бооцоо булах ба идсэнээр бооцоогоо авдаг. Энэ хоёрын бооцооны систем нь тоглолтонд хандах чиг хандлага, стратегийг эрс өөрчлөж байгаа юм. Покерт ч мөн адилхан. No limit texas hold ‘em болон Limit texas hold em хоёр нь ижилхэн тоглоом боловч бооцооны системээсээ хамаараад бараг шал өөр тоглоом мэт болдог. Тоглох хандлага, тактикууд нь шал өөр болж эхэлдэг.
Дээрх гурван үйлдлийн эхний хоёр үйлдэл нь тоглоомны үр дүнд микро байдлаар нөлөөлөх ба сүүлчийн үйлдэл нь макро түвшинд нөлөөлнө. Миний хувьд покер, муушиг тоглохоос өмнө Age of Empires, Dota зэрэг тоглоомуудыг өдөр шөнөгүй тоглодог байлаа. Эдгээр тоглоомуудад ялалтанд хүргэх хоёр хүчин зүйл байдаг байсан бөгөөд тэдгээрийг англиар micro-management & macro-management гэдэг байлаа. Яг үүнтэй адил дээрх хоёр түвшинд зөв шийдэлүүд гаргаж чадвал муушигт хожих боломж гарч ирж болох юм.

За ямар ч байсан муушигаа ингэж нэг задалж өглөө. Эхний ээлжинд би тоглох тоглохгүй гэсэн шийдвэр гаргах дээр анхаарлаа хандуулах болно. Дараагийн удаа энэ талаар бичиж эхлэх болно.

Thursday, March 24, 2011

Блог хөтлөх болсон шалтгаан

Би ер нь урьд нь ингэж блог энэ тэр бичиж үзэж байгаагүй ээ. Тийм шаардлага ч байсангүй. Тэгээд ч ер нь их залхуу талдаа. Мессенжерээр чаатлахаас залхуурдаг хүн чинь юун ингээд юм бичээд суух.

Гэхдээ муушиг, покер, даалуу зэрэг тоглоомууд нь миний хобби л доо. Хоббиндоо хөтлөгдөөд л бичих боллоо.

Мэдээж энэ талаар бичих болсон маань тодорхой зорилготой л доо. Гол зорилго маань муушигаар хожилд хүргэх оптимал систем зохиох, чаддаггүй юм гэхэд тодорхой ойлголттой болох юм. Мэдээж би ганцаараа хийж чадахгүй нь ойлгомжтой. Сонирхол нэгтэй хүмүүс байвал хоорондоо хэлэлцэж байгаад ерөнхий чиг хандлагатай болъё гэсэн бодолтой.

Миний хувьд гэвэл покер тоглоод 3 жил болж байна. Муушигийг урьд нь зугаацах маягаар тоглодог байсан бол сүүлийн нэг жил эрчимтэй тоглож байна. Их сонирхол татсан бас ярвигтай тоглоом. Покер бол мэдээж ур чадвар шаардсан тоглоом. Нилээд цаг зав хүч хөдөлмөр гаргаж байж бага зэрэг амжилт гаргах тоглоом. Эндээс үүдээд муушиг нь ур чадвар давамгайлсан тоглоом уу эсвэл аз давамгайлсан тоглоом уу гэдгийг тодорхойлж чадвал хожилд хүргэх систем гаргах боломжтой гэсэн бодол сонирхолыг минь улам их татаад байгаа юм.

Муушигны гарал үүсэл - Миний таамаглал

Интернетээр муушигны талаар олигтой бичигдсэн юм байдаггүй юм билээ. Тэгээд өөрийн олж цуглуулсан зүйлсээс бичлээ.

Муушиг нь гэр барих хөзрийн тоглоомын* нэг хувилбар юм. Муушигийг Монгол хувилбар буюу Монгол тоглоом гэж хэлж болох байхаа. Миний олж уншснаар муушиг нь аль 17-р зууны үед Англид үүссэн Lanterloo бас Loo ч гэдэг тоглоомноос улбаатай байж болзошгүй юм. Lanterloo нь улмаар Францад дэлгэрж Mouche гэдэг нэртэй болж дагаад дүрэм нь ч гэсэн бас хувьсаж өөрчлөгдсөн байна. Mouche нь Францаас Оросод 18-р зуун гэхэд орж иржээ. Нэр нь Мушка болсон байна. Дүрэм нь ч өөрчлөгдөөд зогсохгүй 4-5 хувилбарууд бий болсон байна. Оросууд Мушкаг коммунист хувьсгал болох хүртэл түгээмэл тоглодог байсан бөгөөд хувьсгалаас хойш аажим мартагдаж ирсэн юм шиг байгаан. Эндээс л Мушка явж явж Муушиг болон Монголд орж ирсэн болов уу гэж би таамаглаад байгаа юм. Өөр ч угшилтай байж болох юм. Нарийн судалж байж л тогтоогдох байлгүй дээ. Миний л сонссоноор манай өвөө эмээ нар 60-аад онд лав тоглож байсан юм билээ.

Хэрэв үнэхээр дээрх шиг орж ирсэн бол тоглоомын дүрэм нь газраас газарт дамжиж орж ирэхдээ хэрхэн өөрчлөгдсөн нь их сонирхолтой юм билээ.

Lanterloo буюу Loo нь бас майхан (гэр ч гэдэг) барьдаг хөзрийн тоглоом юм. Ерөнхийдээ 52 хөзрөөр 3-8 хүн тоглох боломжтой. Тоглогчид нь бооцоо булах ба гэр барихын төлөө тоглоно. Манай муушигтай адил тоглолт болгонд тоглогч нар өнжих, тоглох, мөн хөзөр солих бололцоотой. Ажлаа нар зөв тойрч шилжүүлнэ. Тоглогчид хэрэв тоглолтонд оролцвол 5 ширхэг хясаа булах ба тоглогч бүрд 5 хөзөр тараагдана. Хөзөр тараагдсаны дараа нэг хөзрийг дэлгэж энэ нь манайхаар ХӨЗӨР (англиар Trump suit) болно. Тоглогч бүрийн зорилго нь дор хаяж нэг идэх буюу гэр барих бөгөөд хэрэв чадахгүй тохиолдолд мөн манай муушигтай адил 5 ширхэг хясаа нэмж хийдэг байна. Хөзрийн дараалал нь адилхан бөгөөд Тамгаас доошоо дадар хүртэл явна. Цэцгийн боол нь хамгийн том толгой бөгөөд Хөзрийн тамгыг ч иднэ. Энүүгээрээ манай муушигаас ялгаатай юм билээ. Манайханы зарим нь муушиг тоглохдоо гарт нь 4 тамга ирвэл шууд хожино гэсэн дүрэм гадуур хааяа явж байдаг шиг энд Lanterloo-д тоглогч гартаа таван ижил өнгийн хөзөр өөрөөр хэлбэл флаштай бол шууд хождог юм билээ. Таван ижил өнгө эсвэл дөрвөн ижил өнгө болон цэцгийн боолтой бол флашд тооцно. Нэгээс дээш хүнд флаш байвал том флаш нь шууд хожих ба цэцгийн боолтой флаш хамгийн томд тооцогдоно. Гилийн тамга, ноён, хатан, боол, цэцгийн боолтой флашийг нь Mouche гэнэ.

Mouche нь бас их сонирхолтой тоглоом юм билээ. 3-7 хүн тоглоно. 3 хүн тоглож буй үед 32 хөзөр, 4 бол 36, түүнээс дээш бол 52 хөзрөөр тоглодог. Мөн тоглогч өнжих, тоглох эрхтэй. Тоглогч бүрт 5 хөзөр тараагдана. Үүний дараа газарт ХӨЗӨР дэлгэгдэнэ. Гилийн тамга нь хамгийн том толгой бөгөөд Хөзрийн тамгыг дийлнэ. Гилийн тамгыг нь Mouche гэж нэрлэдэг ба тоглоомын нэр үүнээсээ улбаалсан байх. Mouche нь Францаар ялаа гэсэн үг юм билээ. Бодоод байсан Гилийн дүрс нь сууж буй ялаа шиг хэлбэртэй санагдсан. Lanterloo-д хясаагаар бооцоо тавьдаг бол Mouche-д тоглогч бүр 30 эсвэл 25 оноотой эхлэх бөгөөд манай муушиг шиг оноогоо хасч явдаг байна. Идсэн идээгээрээ оноо хасахаас гадна тоглолт бүрт тухайн тоглолтонд орсон тоглогч нар нэмж бооцоо тавьдаг. Бооцоогоо тавьсаны дараа тоглогч бүр нар зөв дараалан хэдэн майхан барьж чадахаа зарлах бөгөөд зарласан майхнаа барьж чадсан нь тухайн тоглолтонд булсан булаагаа авдаг. (Энэ хэсэг нь надад их сонирхолтой санагдаад байгаан. Иймэрхүү элементийг нь муушиганд оруулж өгвөл зүгээр ч юм шиг. Сонирхолтой л байх болов уу.) Муушиг шиг оноогоо түрүүлж тэглсэн нь хожино. Гэхдээ заавал тэглэж гарах бөгөөд илүү гарвал дахин оноогоо 30 эсвэл 25-аас эхэлдэг байна. Манайханд ч гэсэн хүүхдүүд хааяа ингэж тоглодог байхаа.

Орос Мушканы хувьд дээрх Mouche-тэй үндсэндээ адилхан бөгөөд бага зэрэг дүрмийн өөрчлөлт болон бооцоо тавилтын бүтэц нь өөр өөр 4-5 хувилбар байдаг юм байна.

Ингэж явж байгаад л дээрхийн аль нэг хувилбарыг нь нэг тоглоомчин орос нь монголд ирээд л зааж өгсөн эсвэл хэдэн тоглоомчин цустай, далуунд нугасгүй монголчууд оросод сурж байхдаа сураад ирж тараасан болов уу. Ямар ч байсан муушиг нь мушкагаас нилээд хувьсаж өөрчлөгдөж Монголд нутагшиж Монгол тоглоом болсон байлгүй дээ.

* - Trick taking games гэдгийг нь гэр (майхан) баридаг тоглоом гэж орчууллаа. Өөрөөр толгойд юм одсонгүй.